Өмнөд Суданы дүрвэгсэд хоёр дахь удаагаа дайнаас дайжин зугтахад хүрч байна. Тэднийг эх орондоо аюулгүй эргэн ирэхэд энхийг сахиулагчид тусалж байна.
Юнити-Суданы нийслэл Хартум хотод үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсад орогнож байсан Өмнөд Судан улсын дүрвэгсэд эргэж эх нутагтаа буцаж ирж байна. Тэд 2013 оноос эхэлсэн иргэний дайн, зөрчил мөргөлдөөний улмаас орон гэрээ орхин хил залгаа хойд Судан руу зугтан гарсан дүрвэгсэд юм.
Ийнхүү дайны дажинаас болж хоёр дахь удаагаа дүрвэж буй эдгээр хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгтэй байна. НҮБ-ын Өмнөд Судан дахь төлөөлөгчийн газрын энхийг сахиулагчид, тус улсын цэрэг арми, цагдаагийн төлөөллөөс бүрдсэн баг Өмнөд Судан болон Суданы хил орчмын Панакуачид нөхцөл байдал ямар байгааг тогтоохоор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүрэлцэн ирсэн.
Үнэлгээний баг газар дээр Өмнөд Суданы хил орчмын цагдаагийн газар болон хүмүүнлэгийн ажилтнуудтай холбогдон, Монгол Улсын энхийг сахиулагчидтай ойр хамтран ажилласан.
Өмнөд Суданы Засгийн газрын агентлаг “Тусламж, үйлчилгээний хороо” (RRC)-ноос 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар нутаг буцан ирсэн 1,198 хүнийг бүртгээд байгаагаа мэдэгдсэн.
“Суданаас нутаг буцан ирж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад бид чадах бүхнээ хийж байна. Рубкона мужийн албаны хүмүүстэй хамтран бид эдгээр хүмүүст түр байрлах газар олгосон ч, тэд хүнс, усаар дутагдсаар байна. Иймд тэдэнд тусламж илүү хэрэгтэй байна” гэж “Тусламж, үйлчилгээний хороо” (RRC)-ны албаны хүн Дэвид Лунг Туорек хэлж байна.
Юнити улсад сүүлийн 3 жил дараалан үер ус болж олон тосгон суурин өртсөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй энэ гамшигт өртсөн газруудын хүмүүс ойролцоох Рот Риак сууринд шилжин суурьшсан бөгөөд өнөөдөр энэ суурин нутаг буцан ирж байгаа олон хүмүүсийг бас хүлээн авч байна.
Өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар тус суурины орон нутгийн удирдлага, олон нийтийн байгууллагын ахлагчидтай уулзах үеэр тус сууринд нутаг буцан ирж байгаа хүний тоо 292-д хүрээд байгаа гэсэн мэдээг авсан.
НҮБ-ын Өмнөд Судан дахь төлөөлөгчийн газрын эргүүл хяналтын баг дүрвэгсдийн суурингийн орчмоор биечлэн явж танилцан, эдгээр хүмүүст түр байрлах орон байр, хүнс, ундны цэвэр ус нэн тэргүүнд хэрэгтэй байгааг онцолж байна.
Энэ суурины оршин суугчид хэдийгээр тэдэнд төдийлөн хангалттай биш байгаа ч шинээр ирж байгаа хүмүүст чадах чинээгээр тусалж гараа сунгаж байна. “Энэ хүмүүс тэмцэл өрнөөд байгаа Хартум хотын өнцөг булан бүрээс ирсэн. Бидний ихэнхи олон жилийн өмнө өмнөд Суданы дайнаас дайжин гарсан хүмүүс байна. Бид энд Рот Риакт 5 дугаар сарын 27-ны өдөр ирсэн. Бид аюулгүй газар байгаадаа их баяртай байгаа ч бидэнд тусламж их хэрэгтэй байна. Энд хүнс, ундны цэвэр ус байхгүй. Энэ суурины хүмүүс бидэнд багахан мөнгө өгч тусалсан. Бид түүгээр нэг загас худалдан авч, бүгд (нутаг буцаж ирсэн 292 хүн) хувааж идсэн” гэж Няньян Гатдет хэлж байна.
"Хэрэв бид тусламж авч чадах бол бид ажил хийж, бие биендээ тусалж чадна. Хэрэв ходоод чинь хоосон бол та юу ч хийж чадахгүй биз дээ. Бид хүнс, уух устай болчихвол өөрсдийн гэр бүлээ аваад л явчихна” гээд “наад захын зүйл тухайлбал оромж барьчих гялгар цаас ч алга, хүнс, ус байхгүй. Бидэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна. Хэрэв бид гялгар цаастай болчихвол түр байрлах оромжтой болж чадна” гэж Ниял Яат гэх өөр нэг хүн нэмж хэлэв.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) Суданаас ирж байгаа хүмүүсийг хүлээн авч, бүртгэн, Панакуачаас Рот Риак хүрэх унааг зохицуулж, энэхүү хүнд нөхцөлд байгаа хүмүүст үзүүлэх хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар талуудтай холбогдон ажиллаж байна.
ОУШХБ-ын Бентью дэх салбарын тэргүүн Мириам Муталу "Нутаг буцан ирж байгаа хүмүүсийн олонхи нь сүүлийн жилүүдэд дараалан тохиосон үер усны улмаас тэдний орон гэр хэвийн байгаа гэдэгт итгэлгүй байгаа” гээд “гэхдээ Рот Риакт ирсэн олон хүн өөрсдийн гэр бүлийн хүмүүсээ хайж, ойролцоох суурин тосгод төдийгүй шилжин ирсэн хүмүүст зориулан байгуулсан түр байрлах газарт өөрсдийн төрөл садны хүмүүсээ олж байна” гэдгийг тэр нэмж хэлж байна.
“Эх нутагтаа эргэн ирж буй эдгээр иргэдийг хамгаалахаар бид бүхий л арга хэмжээг авч байна. Гэвч үүнээс илүү их зүйл хийх шаардлагатай байна” гэж Монгол Улсын энхийг сахиулагчдын эргүүл хяналтын багийн ахлагч ахмад Ганбилэгийн Мөнхбаяр хэлэв.
"Засгийн газар, НҮБ-ын Судан дахь төлөөлөгчийн газар энэ газрын тайван байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцож байгаа ч, энд ирж байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн чухал хэрэгтэй байна. Яг одоо энд эмэгтэйчүүд, хүүхдүүд явганаар алхан ирж байна. Ирэх 7 хоног, саруудад ч өөр олон хүн хилээр орж энд ирнэ. Бид боломжит бүх байдлаар тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллана”.
НҮБ-ын Судан дахь төлөөлөгчийн газраас нөхцөл байдал ямар байгаа талаар өгч байгаа дээрх мэдээ мэдээлэл холбогдох талууд болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран, нутаг буцаж байгаа хүмүүс болон тэднийг хүлээн авч байгаа нутгийн иргэдийн аль алины нэн тэргүүний хэрэгцээнд нийцсэн олон талт хариу арга хэмжээ авах, дэмжлэг тусламжийг хүргэхэд чухал байх болно.
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын энхийг сахиулагчдын зургийг цомгийг энэ линкээс хүлээн авах боломжтой.
Эх сурвалж: НҮБ