Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Соёлын сайд Ч.Номин салбарын ажилчин, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрээр "Соёлын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд зааснаар төвөөс алслагдмал газар байрлаж буй соёлын байгууллагын ажилчин, албан хаагчид таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох талаар тусгасан байдаг. Энэ заалтыг соёлын салбарт хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталлаа. Улсын хэмжээнд соёлын салбарын нийт 452 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагын 432 нь хөдөө орон нутагт байдаг.
Тэгвэл дээрх шийдвэр хэрэгжсэнээр соёлын салбарт ажиллаж буй 4,470 албан хаагчдаас 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгохоор болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын ажилчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой.
Мөн соёлын салбарт ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын үндсэн цалин бусад төрийн байгууллагын ажилчдаас доогуур байна. Энэ бол сүүлийн 20 гаруй жил соёлын салбарт бугшсан асуудал. Тусдаа яамгүй байснаас үүдэлтэй.
Өнөөдөр соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгаа. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага.
Соёлын яам байгуулагдсан цагаас хойш салбарынхаа ажилчдын цалин хөлсийг 25 хувь нэмэгдүүлсэн. Гэсэн ч цалин хөлс бага хэвээр байна.
Энэ ондоо багтаан соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээ, нэгдсэн системийг бодож зохицуулахыг үүрэг болгосон" гэлээ.