Цахим сүлжээний нэг давуу тал нь та өөрт болон нийтэд тулгарч байгаа асуудлыг холбогдох албаны хүмүүст шууд хүргэж, шийдвэрлүүлэх алхам эхлүүлэхэд нэн тустай байгаа явдал юм.
Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих, ариун цэврийн байгууламж буюу жорлон болон дотроо гэртэй байх шаардлага тавьдаг асуудал байна. Иргэд ч шийдвэрийн дагуу зуслангийн бүсэд төмөр сараалжин хашаа, блок, бетон цутгамал, цементэн хашаа, хана хэрэм өрүүлсээр байгаа. Үүнээс улбаалан зуслангийн бүс тэр чигтээ хашаа хаалтны эвлүүлэг, цуглуулга болсон.
Тэгвэл нэгэн иргэн зуслангийн газартаа төмөр эсвэл бетон хашаа бариагүй кадастрын зургийн дагуу шилмүүст мод тарьсан байна. Гэтэл дүүргийн газрын албанаас хашаа барих шаардлага тавьжээ.
Тухайн иргэн уг асуудлыг хөндөж, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд цахимаар хандахад “Хашаа барь гэдэг шийдвэрийг хүчингүй болгох нь зөв. Санал гаргаж ажиллана” хэмээн цахим хуудаснаа хариу бичжээ.
Амьдарч буй орчноо сайжруулахад иргэн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг энэхүү бичвэрээс харж болохоор жишээ байв.