Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын төв өргөөнд болж байна.
Энэ өдрийг угтан Олон улсын сувилагчдын өдөрт зориулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран сувилагчдад зориулсан нэгдсэн арга хэмжээг бүсчилсэн байдлаар орон даяар зохион байгуулж байгаа юм.
Уулзалтаар сувилагчдыг хорт хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтад хамруулж, өнгөрсөн жилийн сувилагчдад зориулсан арга хэмжээнээс гаргасан амлалтын биелэлтийн талаар хэлэлцэж байгаа билээ.
Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсолтгүй ажиллаж буй сувилагч нар маань өөрсдөө ажлын ачааллаас хамааран эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдаж чаддаггүй гэдгээ хэлж, тус нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон хүлээн авч, шийдвэр гаргах түвшинд хүргэж байгаад талархал илэрхийлж байсан юм.
Дашрамд, 1974 онд Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг “Сувилагч нарын баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон байдаг. Энэ өдрийг Орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Их Британий иргэн Флоренсе Найтенгелийн гэгээнд дурсгалд зориулж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.