Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнгийн явган замыг хуулж, засвар хийж эхэлжээ.
Төрийн тусгай хамгаалалтад хаалттай байдаг цэцэрлэгийн замыг яагаад солих болсон талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн харьяанд бүртгэлтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох чиглэлийг 2022 оны тавдугаар сард өгсөн. УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу уг цэцэрлэгт хүрээлэнд тохижилт, үйлчилгээ хийж, төмөр хашааг буулгаж, ирэх зургаадугаар сарын 1-н гэхэд иргэдэд нээлттэй болгох гэж байгаа юм билээ. Энэ шийдвэрийн биелэлтийг хангах хүрээнд зураг төсөл нь гарч, засварын ажил эхлүүлсэн гэж ойлгосон.
Төрийн ордны хашаан доторх хамгаалалтын жижиг байрнаас доторх авто машины зогсоолтой хэсэг нь Төрийн ордны эзэмшилд, цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн эзэмшилд байдаг учир засвар шинэчлэлийн ажлын талаар хотын захиргаанаас асуувал тодорхой мэдээлэл өгөх байх" гэлээ.