Агаарын тээврийн “Хүннү Эйр” ХХК болон “Аэро Монголиа” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын нислэг саатсан, нислэгээ цуцалсан асуудлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шалгалт хийжээ.
“Хүннү Эйр” ХХК нь 2023 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Чингис хаан” ОУНБ-аас техникийн шаардлага бүрэн хангасан агаарын хөлгөөр Улаанбаатар-Манила чиглэлд нислэг гүйцэтгэхдээ Вьетнам Улсын “Ханой” нисэх буудалд техникийн буулт үйлдэх үед дугуйнд нь гэмтэл гарсныг илрүүлж, нислэгийн аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дугуйг газар дээр нь солих болсноор нислэг төлөвлөсөн хугацаанаас 8 цагаар саатсан байна. Улмаар техникийн саатлын талаар зорчигчдод мэдэгдэн нисэх буудлын хүлээх танхимд байршуулж, зорчигч үйлчилгээний зааврын дагуу зууш, ус ундаагаар үйлчилж, агаарын хөлгийн дугуйг сольж, нислэгийн өмнөх зохих хяналт шалгалтыг хийсний үндсэн дээр Ханой–Манила чиглэлийн нислэгээ хэвийн үргэлжлүүлжээ.
"Аэро Монголиа" ХХК-ийн A-319 агаарын хөлөг 5 дугаар сарын 03-наас 12-ны өдрүүдэд ээлжийн техник үйлчилгээнд орсонтой холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийн 200 орчим зорчигчийг “МИАТ” ТӨХК-ийн гурван удаагийн нислэгт шилжүүлжээ.
Ингэхдээ тус компанийн гэрээт цахим борлуулалтын сувгаар 5 дугаар сарын 07-ны өдрийн тийз худалдан авсан Япон Улсын иргэн зорчигчид нислэгийн цаг өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөгүйгээс уг зорчигч нисэх буудалд очиж, улмаар нислэгийн өөр маршрутаар зорчжээ. “Аэро Монголиа” ХХК нь олон улсын гэрээ конвенцийн дагуу агаарын тээвэрлэгчийн хариуцлагын хэм хэмжээний хүрээнд тухайн зорчигчийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жуулчид манай улсад ирэхэд найрсаг, чирэгдэлгүй, аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүлж ажиллах нь агаарын тээвэрлэгчдийн үүрэг билээ.“Хүннү Эйр” болон “Аэро Монголиа” компанийн удирдлагуудад агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч, нислэгийн цагийн хуваарийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
Мөн агаарын тээврийн хүртээмж, үйлчилгээний чанарыг улам бүр сайжруулж, мэдээллийг өөрийн болон гэрээт байгууллагуудын сувгаар цаг алдалгүй, тодорхой хүргүүлж байх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, төлөвлөсөн хуваарьт нислэгээ саатал чирэгдэлгүй гүйцэтгэхийг анхааруулаад байна.
Олон улсын нислэгийн томилгоог Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгож буй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл буюу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг олгож, агаарын тээвэрлэгчийн нислэг үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн олон улсын хуваарьт нислэгийг зохих ёсоор гүйцэтгэхгүй тохиолдолд холбогдох зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу түдгэлзүүлэх, цуцлах үндэслэлтэй болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх агаарын тээвэрлэгчдэд анхааруулсан болно.
Сэтгэгдэл (1)