Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Монголхүүд оногдуулсан “зорчих эрхийг хязгаарлах” ялыг “хорих ял” болгон өөрчилсөн байдаг.
Харин өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүг суллаж, цагдан хоригдсон хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох шийдвэр гаргасан.
Түүнийг цахим гавны цэнэг дуусгасан, мөн маршрут зөрчсөн үндэслэлээр 461 дүгээр хорих ангид 36 хоног цагдан хорьсон юм.
Олон нийтийн анхаарлыг татсан тус хэрэгт өмгөөлөгчдийн үүрэг оролцоо чухал байсан юм. Иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгчөөр Б.Баяраа, Г.Батхүү нар ажиллаж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг буцааж чадлаа.
Дашрамд, өмгөөлөгч Б.Баяраа нь Д.Монголхүүд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, түүнийг суллагдахад чухал үүрэг гүйцэтгэсэнд АН-ын зарим гишүүд ихээхэн талархалтай хандаж байгаагаа илэрхийлжээ.
Эргэн сануулахад, Д.Монголхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан, мөн маршрут зөрчсөн гэх үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй, хорих ялыг цуцлуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасныг өчигдөр Нийслэлийн авж заалдах шатны шүүх хэлэлцэн, Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Д.Монголхүүгийн цагдан хорих ангид хоригдсон 36 хоногийг үндсэн ялаас хасч шийдвэрлэв.
Сэтгэгдэл (1)