Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д.Монголхүүд холбогдох шүүх хурал түр завсарлаад байна.
Яллагдагч Д.Монгохүү шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан ч шүүхийн дуу, дүрс дамжуулалт шаардлагад нийцэхгүй, тасалдаж байсан юм. Ийн Д.Монгохүүгийн өмгөөлөгч болон өөрөө шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч хуралд оролцуулахаар болжээ. Шүүх хурал үдээс хойш үргэлжилнэ.
Түүнд оногдуулсан "зорчих эрхийг хязгаарлах ял"-ыг "хорих ял" болгон өөрчилсөн шүүхийн шийдвэрийг давж заалдах шүүх хурлыг өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш товлосон бөгөөд тэрээр шүүх хуралдаанд биеээр оролцох хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй юм. Гэвч шүүхийн дуу, дүрс дамжуулалт алдаа зааж, яриа болон дүрс салж байсан тул ийн биеээр оролцуулахаар шийдвэрлэн, түр завсарлав.
Дашрамд, шүүх хуралдаан нээлттэй болж байгаа ба иргэд шүүх хуралдааныг ажиглахаар цуглаж, одоо ч хүлээж байна.
Эргэн сануулахад, Д.Монголхүү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа цахим хяналтын төхөөрөмжийг унтраасан, мөн маршрут зөрчсөн гэх үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг зөвшөөрөхгүй, хорих ялыг цуцлуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах хүсэлт гаргасныг өнөөдөр Нийслэлийн авж заалдах шатны шүүх хэлэлцэх юм.