Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ИБУИНХУ-ын Лондон хотноо ажиллах үеэрээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, монгол залуус өөрийн сонирхсон болон эх орондоо хэрэгцээт мэргэжлээр гадаадын их сургуульд суралцах боломж нэмэгдэж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Хилийн чанадад суралцах хугацаандаа Монгол Улсаа төлөөлж буйгаа үргэлж санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний оюуны нөөц бололцоог бүрэн ашиглаж, хичээл зүтгэл гарган суралцахыг захилаа.
Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчид болон төгсөж, хоёр улсын иргэн хоорондын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Оюутан залуусын төлөөлөл “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт шалгаран дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцаж буйдаа баяртай байгаагаа хэлж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй залуус нэгэн зорилгын дор нэгдэж, тулгарч буй сорилтуудыг хамтдаа туулж, хичээн суралцаж байгаа гэлээ.
Суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлдээ шамдахаас гадна хувь хүний хөгжилд анхаарч, арвин туршлага хуримтлуулж, эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана гэдэгтээ итгэл дүүрэн байгаагаа оюутан залуус онцолж байв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хилийн чанадад суралцаж буй монгол залуус бие биенээ дэмжиж, хамтдаа хичээн суралцах нь чухал гэдгийг хэлж, Монгол Улсын төр, засгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнийхээ хөгжилд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэ дагуу 2021 оноос эхлэн жил бүр 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.