Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын валютын нөөцийн талаар мэдээллийг өглөө.
Тэрээр "Дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улс "Гэрэгэ" бондын 369 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнийг шилжүүлсний дараа Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, яг одоогийн байдлаар дээрх нөөцийн дүнтэй байна.
Валютын зах зээл тогтворжлоо гэж бид үзэж байгаа. Дөрөвдүгээр сарын байдлаарх Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор нэмэгдсэн байна.
Мөн биржээр арилжаалагдах нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах болсон нь ач холбогдлоо үзүүлж байна. Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Цалин тэтгэврийн хувьд 2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляцтай холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр суурьтай байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар гэхэд өчигдөр энэ талаар хэлэлцсэн. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлэхгүй барих нь эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мэдээж, иргэдэд ч хүндрэл, бэрхшээл дагуулна" гэв.