Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний явцыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Хуралдааны дараа мэдээлэл өгөв.
Тэрээр "2022 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш жилийн хугацаанд хүн амын 29,6% буюу нийт 1.022.702 иргэн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 45,1% нь эрэгтэй, 54,9% нь эмэгтэйчүүд байна.
Байршил, газар зүйн нутгаар авч үзвэл, 50,1% нь Улаанбаатар хотын иргэд, 49,9% нь орон нутгийн иргэд байна. Нийт хамрагдсан иргэдийн 60,5% нь 0-17 насны хүүхэд, 39,5% нь 18-аас дээш насны иргэд байна.
Эрт илрүүлэгт иргэдийг бүрэн хамруулах талаар Засгийн газар болон яамны зүгээс хэдэн хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Ялангуяа оюутан, залуусын дунд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа учраас оюутнууд эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар тогтоол гаргаж, Эрүүл мэндийн сайд, БШУ-ны сайд төсвийнхөө багцад багтааж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, шимтгэл төлөөгүй оюутан залуусыг эрт илрүүлэгт 100 хувь хамруулах арга хэмжээ авахыг даалгасан. ЭМЯ-ны зүгээс эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэдэн хэдэн арга хэмжээ авч байна.
Нэгдүгээрт, одоогийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр эрт илрүүлгийн хамрагдах хугацааг хуанлийн 20 өдөр гэж хязгаарласан нь иргэдийн хамрагдалтад сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, үүнийг ажлын 20 өдөр болгож өөрчиллөө.
Хоёрдугаарт, Сумын эрүүл мэндийн байгууллагууд 18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний багцыг хэрэгжүүлсэн бол ЭМДС-аас санхүүжилтыг нь бүрэн олгож байх шийдвэр гарган ажиллаж байна.
Гуравдугаарт, Хувийн хэвшлийн байгууллагуудаас эрт илрүүлгийн оношилгооны тарифыг нэмэгдүүлэх санал хүсэлт ихээр гаргаж байгаа. Тиймээс бид удахгүй Үндэсний зөвлөлийг хуралдуулж, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний тарифыг шинэчлэх чиглэлд ажиллаж байна" гэв.