Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам Швед дэх Монголчуудын холбоо, Монгол Улсын Соёлын элч, Монголчуудын үүсгэл санаачилга, холбоод, хэл, соёлын төвүүд зэрэг ТББ-тай хамтран “Монголын соёлын үдэш-2023” арга хэмжээг 2023 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдөр Стокхолм хотод зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээг Стокхолм хотын захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Стокхолмын соёлын үдэш” арга хэмжээний хүрээнд Монголын түүх, биет болон биет бус соёлын өв, уламжлалыг тус хотын иргэдэд сурталчлан таниулах, Швед Улсад амьдарч буй монголын хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулсан байна.
Арга хэмжээний үеэр “Монголд зочлох жил”-ийг сурталчлан таниулж, Монголын уламжлалт цагаан идээ, сүүтэй цайн амталгаа явуулан нүүдэлчин ахуйн соёлоос танилцуулах, үндэсний шагайн харваа, язгуур урлагийн тоглолт, Монгол үндэсний хувцас, тойрог бүжиг зэргийг зохион байгуулан сонирхсон олонд толилуулжээ.
Мөн Стокхолм хотын төвийн Алс дорнодын эртний эдлэлийн музейн номын санд монгол оньсон тоглоом хүрэлцэн ирсэн иргэдийн дунд зохион байгуулж, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын уртын дуунуудаас сонсгох, Монгол каллиграфын 13 үзмэрийг дэлгэн харуулж, ЮНЕСКО-гийн биет болон биет бус соёлын өвд бүртгүүлсэн монголын өв, соёлын гайхамшгуудыг танилцуулсан байна.