Шүүгдэгч Ш.Р нь ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн хадгалж, улмаар Ц сумаас Ө сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд, хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн Ш.Р-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Ш.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд зааснаас өөр зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Эрүүгийн хуульд уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Шүүхээс тухайн иргэний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3/ “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн байна.