Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн хооронд “Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг урагшлуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Санамж бичигт Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Заохуи нар гарын үсэг зурав.
Талууд Санамж бичгийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн тэргүүлэх төслүүдийг хятадын талын зээл, тусламж болон “Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сахин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, цахим эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбар, чиглэлийг чухалчлан анхаарах, туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийг сэргээн, хөгжлийн тэнцвэртэй, зохистой, хүртээмжтэй өсөлтийн шинэ үе рүү чиглүүлэхэд идэвхтэй ажиллаж, хувь нэмэр оруулах хүрээнд “Даян дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга”-ыг дэвшүүлж буйгаа танилцуулсан юм.