Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд орон нутгийн өмчит хоёр компани, хувийн хэвшлийн 16 баазаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээг авч байна.
Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн өөрийн хөрөнгөөр 415 автобусаар нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн бол 2023-2024 ондоо багтаан Монгол Улсын Засгийн газар шинэ 810 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж байна.
Үүний тодорхой хувийг орон нутгийн өмчит компаниудад хуваарилах ч дийлэнх хувийг нийтийн тээврийн салбарын урсгал зардлыг бууруулах, иргэдэд ая тухтай, нарийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх шаардлага шалгуурыг хангах хувийн хэвшилд хуваарилна.
Мөн нийтийн тээврийн салбарт төлбөрийн уян хатан системийг бий болгох шаардлага тулгарсан. Тиймээс төлбөрийг нэмэхээс гадна дан ганц автобус үйлчилгээгээр нийтийн тээврийн салбарын хөгжлийг харах нь өрөөсгөл. Иймд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр судалгаа хийж, хэрэгжүүлэхэд бэлэн хоёр төслийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг эхлүүлээд байна.
2024 онд төсөл хэрэгжиж дуусах ба 4.2 км дүүжин замын тээвэр бий болсноор Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох ба авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцоллоо.
Үүнтэй холбоотой Наадамчдын өргөн чөлөөг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хар хорин автобусны буудал” чиглэлийн дагуу хоёр буудал бий болж бизнесийн таатай орчин бүрдэх юм.
Сэтгэгдэл (1)