“Нийслэл хотын хүн амын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтралыг бууруулахад нэн чухал асуудал нь шинэ суурьшлын бүсүүдээ хөгжүүлэх юм” гэдгийг Шинэ сэргэлт-Улаанбаатар хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Хотын сайд Ж.Сүхбаатар онцоллоо.
Тэрээр "Боловсролын чанар, стандартыг хангасан, сургууль цэцэрлэгийг шинээр барьж, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр шинэ суурьшлын бүсүүд амь орно. Энэ оноос дүүрэг бүрд 1200 суудалтай, олон улсын стандартад нийцсэн жишиг сургуулийг шинээр төлөвлөөд байна.Энэхүү бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд багтаан хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чиглэлээр та бүхний саналыг хүлээн авч, бүх талаар хамтран ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийллээ.
Мөн "Хотын 6 дэд төвийг тойрсон хүнсний агуулах болон худалдааны төвийг хөрөнгө оруулагч, хувийн хэвшилтэй хамтран бий болгох, улмаар хотын нягтаршил ихтэй бүсэд байгаа томоохон зах, худалдааны төвийг энэхүү шинээр баригдах төв рүү шилжүүлэх бодлогыг нийслэлээс хэрэгжүүлэхээр судалгаа гаргасан. Иймд энэ төслийг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах саналыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо дэмжих болно" гэсэн юм.