Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр журмын төсөл боловсруулан ГХЯ-нд хүргүүлсэн талаараа ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрээр "Хилийн боомт нээгдсэнээс хойш манай улсын иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна.
Тиймээс хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан.
Энэхүү журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна" гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар төлөвлөжээ.
Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэх аж.