Хотын дарга Д.Сумъяабазар "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Синтиа Вонг болон "JCI Монгол" байгууллагын 2023 оны Үндэсний Ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2023 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо "JCI" байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт болно. Энэ хүрээнд "JCI Монгол" байгууллага Хотын даргыг тус чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа.
Тодруулбал, "JCI Монгол" байгууллага нь Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг 2025 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авахаар бэлтгэн ажиллаж байгаа юм. Уг эрхийг олгох эсэх нь энэ жилийн чуулга уулзалтаар шийдэгдэх тул Улаанбаатар хотыг сурталчлан, таниулах оролцоо чухал гэдгийг "JCI Монгол" байгууллагын зүгээс онцлов.
Монгол Улс нь тус чуулга уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан туршлагатай. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад тухайн үед 51 улсын 3600 орчим залуус оролцжээ. Харин 2025 оны чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулбал 5-7 хоногийн хугацаанд 120,000 орчим ажлын байр идэвхжиж, Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй болохыг онцоллоо. Түүнчлэн дөрвөн мянгаас дээш хүн ирнэ гэсэн тооцоо байгаа бөгөөд энэ нь Монгол Улс, Улаанбаатар хотыг олон улсад таниулж, сурталчлах, эдийн засгийн эргэлтийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Хотын дарга Д.Сумъяабазар залуучуудад урам зориг олгох, манлайлах, нийгэмд хариуцлагатай, идэвхтэй болгон төлөвшүүлэхэд "JCI" байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ гэдгээ уламжлав.
"JCI" /Junior Chamber International/ олон улсын байгууллага нь хувь хүний хөгжил, бизнес эрхлэлт, залуусын манлайллыг дэмжих, идэвхжүүлэх зорилготой 18-40 насны залуусын нэгдэл. Харин Монгол дахь салбар буюу "JCI Монгол" байгууллага нь 1992 онд үүсэн байгуулагдаж, 2015 оноос хойш нийслэлтэй хамтран ажиллаж ирсэн юм. Өдгөө 17 салбар, 1310 гишүүнтэйгээр жилд дунджаар 60 орчим хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.