“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Тус өдөрлөг нь дугуйн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдож байгаа юм.
Өдөрлөгт зориулсан үйл ажиллагааны танилцуулга:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
- Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын 49.2 хувь нь хувийн машинаар хөдөлгөөнд оролцож байгаа бол 39.3 нь автобус, 6.5 хувь нь явган, 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог гэх судалгаа байна. Нийслэл Улаанбаатар хотын тухайд 84.7 км дугуйн замтай бөгөөд шинээр 50.2 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж.
Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, зорчих зам, дэд бүтцийг сайжруулснаар түгжрэл хотын төвд 12,500 машинаар, хотын зах руу 22 мянган машинаар саарах боломжтой тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, хотын зах болон төвийн бүсээс хамаарч түгжрэл 9.1-13 хувиар буурна гэдгийг мэргэжлийнхэн судалжээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой тус арга хэмжээний үеэр авто машингүй гудамж, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах боломжтой.