Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор Боловсролын Ерөнхий Газраас сургуулийн удирдлагууд болон багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмж гаргажээ.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
- Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзах хэрэгтэй.
- Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.
- Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоох.
- Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
- Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөх.
- Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй гэсэн байна.
БАГШ, АЖИЛТАНД
- Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.
- Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзах.
- Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгэхгүй байх.
- Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.
- Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх.
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллахыг зөвлөжээ.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД
- Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/
- Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай. /шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/
- Сурах таатай орчныг нь бүрдүүлэх /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/
- Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай.
- Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжихийг санууллаа.
ХҮҮХДЭД
- Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. /Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай.Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм./
- Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. /Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог./
- Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. /Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай./
- Сайн унтаж амраарай /Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй./
- Бусдаас тусламж хүсээрэй /Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай/ хэмээн зөвлөлөө.
Сурагчдын зуны амралт эхлэх хуваарь:
-
1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
-
4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд зуны амралт эхэлнэ.
-
Дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургаадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургаадугаар сарын 5-9-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.