Улаанбаатар хотын Дунд голын орчим усан парк барина гэж газар аваад орон сууц, худалдаа үйлчилгээний төв барьж буй асуудал иргэдийн бухимдлыг төрүүлээд удаж байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хорооллыг "Авлига хороолол" хэмээн нэрлэж, хорооллыг шалган олон нийтэд мэдээлэх үүргийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Гэвч уг асуудал одоо юу болж байгаа нь тодорхойгүй, барилгын ажил үргэлжилсээр байгаа юм.
Харин Онч шийдэл НҮТББ уг асуудлыг орхихгүй араас нь явсаар давж заалдах шатны шүүхэд хэрэг үүсгүүлж чаджээ.
Тодруулбал, тус байгууллага уг асуудлаар 2022 оны наймдугаар сард Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд, хэргийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар Онч шийдэл НҮТББ энэ оны гуравдугаар сарын 13-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хэлэлцэж, тэдний гомдлыг хангаж, хэрэг үүсгэсэн байна. Ингэснээр анхан шатны шүүхийн захирамж хүчингүй болсон аж.
iToim.mn