Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон билээ.
Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэм буруугийн хурал биш учраас хэргийн талаар ярихгүй, талуудын хүсэлтийг хэлэлцээд гэм буруугийн хурлынхаа товыг тогтоох юм.
Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.