Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чип суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Эхний ээлжид төрийн байгууллагын машинууд, нийтийн тээврийн автобуснуудад уг чипийг суурилуулж байгаа юм.
Харин иргэдийн эзэмшлийн болон ААН, байгууллагуудын машинуудыг цахим гэрчилгээтэй болгох ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлхээр болсон байна.
Иргэдийн автомашинд RFID чип суурилуулахдаа төвөг учруулахгүй бөгөөд хэрхэн зохион байгуулах талаар ирэх долоо хоногт нийтэд мэдээлэл өгнө.
RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах технологи. Хүний хувийн мэдээллийг дамжуулахгүй хэмээн албаныхан хэлж байв.
Нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох RFID уншигч 455 төхөөрөмжийг суурилуулжээ.