x

Ө.Энхбаатар: Dolce & Gabbana-гийн техникч "20 гаруй жил олон оёдлын үйлдвэрээр явсан. Танайх шиг ийм үйлдвэр үзээгүй, баяр хүргэе" гэсэн

Европын зүрхэнд орших Унгар улсад эрэгтэй хослолын брэндийг бий болгож, дэлхийн алдарт Dolce & Gabbana, Stella McCartney, Moncler, Gucci, Hugo Boss-д захиалгаар хувцас оёдог нэгэн эрхэмтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Тэр бол эрэгтэй хослолын "Титэм" брэндийг үүсгэн байгуулагч Өлзийбаатарын Энхбаатар. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Унгарт монгол хүн өөрийн брэндээ үүсгэсэн нь их сонирхол татсан. Унгар улсыг хэзээ, яагаад зорих болсон түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Сайн байна уу. Би 1987 онд 18 настайдаа Будапешт хотод хөнгөн үйлдвэрлэлийн их сургуульд суралцахаар ирж, эрэгтэй хувцас, загвар технологийн мэргэжлээр төгссөн.

Сургуулиа төгсчхөөд их юм сураагүй юм шиг санагдаад, Унгарын үйлдвэрт хэдэн жил ажиллаж, мэдлэгээ дээшлүүлчхээд харья гэж бодлоо. Гэвч харихгүй эндээ үлдчихсэн. Миний залуу нас Унгарт өнгөрсөн. Одоо эндээ эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдарч байна. 

- Яагаад буцаагүй вэ? 

-Монголд очвол надад Монголын зах зээл байсан. Гэхдээ БНХАУ руу гаргана гэж байхгүй. Тэгэхээр дотоодын зах зээл надад жижигдэхээс гадна европ хувцасны соёл ч хөгжөөгүй гээд... бодсон. Европын Холбоонд 27 улс багтдаг болохоор Унгарт байх нь надад илүү дээр санагдсан юм. Энд маш их боломж бий. Дээрээс нь бизнесийн орчин тун сайн. Монголоос найзууд маань салбараа нээгээч гээд хэлдэг ч би Монголыг том зах зээл гэж хардаггүй. Энд ерөөсөө бүх зүйл өөрөөс минь л хамаарна.

-Мэргэжлийн хүн байна шүү дээ, Та. Одоо тэгвэл 27 жилийн түүхтэй "Титэм" брэнд үүссэн түүх рүү орцгооё. Та түүхээсээ товчхон хуваалцахгүй юу? 

-Эрэгтэй костюм пиджакийн үйлдвэрт таван жил ажиллаад, 1996 онд Titem Men's Collection компанийнхаа суурийг тавьсан. Жижиг аж ахуйн нэгж хэлбэрээр ажиллаж байгаад, 1999 оноос манай монголчуудын хэлдгээр хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болж өргөжсөн түүхтэй. Манайх эрэгтэй костюм пиджак дагнан үйлдвэрлэдэг. Анх 6-7 хүнтэй эхлээд, одоо 58 ажилтантай болсон байна.

Үйлдвэрийн хувьд бүрэн автоматажчихсан болохоор хүний хүч хэмнэдэг давуу талтай. Ажилтны тоо 58 гээд цөөхөн сонсогдох боловч үйлдвэрийн хүчин чадал маань их өндөр.  Бид өөрсдийн хослолоо үйлдвэрлэхээс гадна хажуугаар нь Баруун Европын брэндүүдэд захиалгаар оёдог. "Титэм" брэндийн түүх товчхондоо ийм. (Инээв)

-Ямар брэндүүдэд оёдог вэ? 

-Dolce & Gabbana-тай долоон жил гэрээгээр ажилласан. Stella McCartneyMoncler брэндэд оёж байгаа. Мөн GUCCI, Hugo Boss хоёрын захиалгын доор ажиллаж байсан.

Европын брэндүүд хувцсаа оёулахын тулд манай үйлдвэрт ирж үздэг л дээ. Тэгээд манай техник, тоног төхөөрөмж, хувцасны чанарыг үзээд нэг загвар өгч оёулаад, "Титэм"-ээр оёулж болох юм байна гэдэг. Брэндүүдэд оёхоор чанарын маш өндөр шаардлага тавьдаг тул энэ нь ч манайд сайн. Бас нэр төрийн хэрэг шүү дээ. Dolce & Gabbana-гийн техникч манай үйлдвэрт ирээд "Би 20 гаруй жил олон оёдлын үйлдвэрээр явсан. Гэхдээ танайх шиг ийм үйлдвэр үзээгүй, баяр хүргэе" гэсэн. Гэсэн ч тус газрын үнэлгээ бага байсан болохоор долоон жил ажиллаад би өөрөө эхэлж гэрээгээ цуцалсан. Тэгсэн чинь Dolce & Gabbana Унгарт "Титэм" оёхгүй гэвэл Итали руу тат гээд татаж байсан. 

зураг

Titem Men`s Collection

-Сонсоод үнэхээр бахархаж байна. 20 жилийн өмнө бизнесээ эхлүүлэхэд хүндрэлтэй зүйл байсан байх. Гэхдээ энэ улсын давуу тал олон байсан бололтой? 

-Тийм шүү. Унгар улс Европын Холбооны гишүүн улс болохоор боломж маш их. Европын бүх зах зээлд нээлттэй оролцох боломжтой. Дээрээс нь хил хязгаар, гааль, татвар гэж байхгүй. Энэ бол маш том давуу тал. Тэгээд ч Европын Холбоонд өөр өөр үндэстэн, өөр өөр соёл байдаг учраас бүх зүйл тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална гээд байгаа юм шүү дээ.

Хамгийн гол нь энд авлига, хээл хахууль гэж байхгүй. Би амьдралдаа тийм зүйл мэдэрч байгаагүй

Унгарт ажил бизнес явуулахад төрөөс авах тусламж, тэтгэлэг ч сайн. Банкны нөхцөл ч боломжийн, хүү бага гээд олон давуу талыг ярих болох байх. Хамгийн гол нь энд авлига, хээл хахууль гэж байхгүй. Арьс өнгөөр ялгаварлах, гадаад хүн гэж дорд харьцах үзэгдэл бараг байхгүй. Миний амьдралд тийм зүйл мэдрэгдэж байгаагүй. Хүн бүр дор дороо юмаа хийгээд явж байхад болдог. Манай компани энэ улсад адилхан л Унгар компани гэж харагддаг бөгөөд яг адилхан зээл, тэтгэлэгт хамрагдаад явчихдаг.

Ер нь тэгээд компанийн мөнгө санхүү нь сайн, үйлдвэрлэл асуудалгүй байхад зээлийн тал дээр ямар ч асуудал байдаггүй. Европын холбоонд дэлхийн ихэнх банкны салбар үйл ажиллагаа явуулдаг болохоор сонголт ч их. Банкны хүүгийн өрсөлдөөн их учраас банкууд хүүгээ доогуур барьдаг юм. Жилийн хүү аж ахуйн нэгжүүдэд 2%-аас доош байсан. Одоогийн байдлаар бол дайн, эдийн засгийн хямралтай холбоотойгоор банкны хүү бага зэрэг өндөр болчхоод байгаа. Гэхдээ гайгүй. 

-"Титэм" брэндийн дэлгүүр болон үйлдвэр хаана байрладаг вэ? 

-Будапештын төвд манай нэг дэлгүүр бий. Үйлдвэр маань Будапештаас 200 километрийн зайтай, Унгарын зүүн нийслэл гэж нэрлэгддэг Дебрецен хотод байдаг. Үйлдвэрийн хажууд манай өөр нэг салбар дэлгүүр байрладаг. Үүнээс гадна улс даяар манай бүтээгдэхүүнийг борлуулдаг 150 орчим түнш бий.

"ХҮМҮҮС "ТИТЭМ"-ИЙН ХОСЛОЛЫГ ЧАНАРТАЙ, САЙН ГЭЖ МЭДДЭГ. УЧИР НЬ МАНАЙХ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨРӨӨ УНГАР УЛСДАА ХАМГИЙН САЙН ҮЙЛДВЭРТ ОРДОГ"зураг

Titem Men`s Collection

-Унгарт "Титэм" брэндийн хослол гэхээр хэр танигдсан гэж бодож байна? 

-Ер нь танигдсан гэж бодож байна. Хүмүүс "Титэм"-ийн хослолыг чанартай, сайн гэж мэддэг. Учир нь манайх техник тоног төхөөрөмжөөрөө Унгарт улсдаа хамгийн сайн үйлдвэрт ордог.

Манай үйлдвэр сүүлд төрөөс үзүүлсэн дэмжлэгт хамрагдаж чадсан. Өөрөөр хэлбэл, компанийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмжөө шинэчлэх асуудалтай холбоотой хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг Европын Холбооноос, 30 хувийг нь бид өөрсдөө гаргадаг. Энэ бол маш том боломж.

Хөрөнгө оруулалт хийхдээ хөгжлийн байдлаас нь хамаараад баруун, төв, зүүн бүсээр нь ангилдаг. Өөрөөр хэлбэл, баруун болон төвийн бүсэд төрөөс 40-50%-ийн дэмжлэг үзүүлдэг бол, зүүн бүсэд 70%-ийн дэмжлэг үзүүлдэг. Манай үйлдвэр өмнө хэлсэнчлэн зүүн бүсэд хамаардаг учраас учраас хөрөнгө оруулалтын 70%-ийг Европын Холбооны мөнгөөр, 30%-ийг өөрсдөө гаргаж бүх тоног төхөөрөмжөө шинэчилсэн. 

Ийнхүү улсаас сайн дэмжсэн болохоор манай үйлдвэрийн тоног төхөөрөмж сүүлийн үеийнх болсон. Бүгд 2021, 2022 оных зарим нь бүр цоо шинэ тоног төхөөрөмж шүү дээ. Энэ нь өөрөө зах зээлд өрсөлдөх маш том давуу талыг бий болгож байгаа хэрэг. Чанарын маш өндөр түвшинд, богино хугацаанд бүтээгдэхүүнээ гаргаж чадна гэсэн үг.

-Үйлдвэрийнх нь хүчин чадал хэр вэ? 

-Тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаар бол сард 3,000 хослол чөлөөтэй гарна. Одоогийн байдлаар бид сардаа 1,000-1,500 орчим костюм пиджак үйлдвэрлэж байгаа. Ер нь ихэнхдээ зах зээлийн байдлаасаа хамаараад явдаг. 

-"Титэм" брэндийн талаар судалж байхад хослолыг яг тухайн хүнд нь зориулж эсгэж, оёдог нь их таалагдсан шүү? 

-Та зөв харжээ. Манай брэндийн хөгжлийн гол зорилго яг энэ. Бид эцсийн хэрэглэгчид хүрч үйлчлэхээр ажилладаг.

Спорт хувцас, футволка бол L эсвэл XL өмсвөл таарчихна шүү дээ. Харин хослол бол яг л хүндээ таарах хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүний биеийн онцлогт тааруулж, хослол хийх зах зээлийн боломжийг бид олж харсан хэрэг. Европын олон брэндийн хослол янз бүрээрээ байгаа. Гэхдээ тэд нэг хэвийн размер буюу хэмжээгээ бариад бүтээгдэхүүнээ гаргачихдаг болохоор их өндөр, эсвэл тарган хүмүүс яг таарсан хослолоо авч чадахгүй зэрэг асуудал тулгардаг.

Манайх эрэгтэй хувцсан дээр л гэхэд нийт 86 размерын сонголттой хийдэг. Ийм олон размераар ганц манайх л хийдэг.

-Сүүлийн үед эрчүүд ямар хослолыг илүү сонгох болсон бэ? 

-Европт 2023 онд гүн хар ногоон өнгө болон дөрвөлжин шоо хээтэй материал их тренд болж байна. Эрэгтэй хувцсанд хар, хөр хөх, саарал өнгө моодоос гардаггүй. Өмнө нь пиджакийг шулуун эсгүүртэй, өргөн мэртэй, нэлмэгэр өмсдөг байсан бол одоо яг биедээ тааруулж өмсдөг болсон.

Сулхан загвар байсан бол ойролцоо размерыг өмсөж болно гэхсэн. Гэтэл эсгүүр нарийсаад ирэхээр размер яг таарах хэрэгтэй болдог л доо. Биед таарах тусам хувцасны алдаа тодорч харагддаг тул нарийн эсгүүр шаарддаг.

Нэг үеэ бодвол энгийн хэрнээ этгээд материалтай хослолуудыг залуучууд их сонгох болсон. Залуучууд жийнс дээр дан пиджак өмсөх буюу өдөр тутмын хэрэглээ талаас нь пиджакийг сонгож өмсдөг болоод байгаа.

Манайх эрэгтэй хувцсан дээр л гэхэд нийт 86 размерын сонголттой хийдэг. Ийм олон размераар ганц манайх л хийдэг

-Хослол ярихдаа даавууг нь ярихгүй өнгөрч болохгүй байх? 

-Манайд дэлхийн топ таван брэндийн бүх даавуу бий л дээ. Loro PianaDockers,-ийнх гэх мэт. Даавуунууд сүүлийн үед бүгд сунадаг болчихсон болохоор залуус жийнс, спорт гутал дээр дан өнгийн эсвэл шоо хээтэй загварын пиджак өмсдөг болсон. Дээрээс нь сонгодог сонголт хамт явна. Мөн хослолын сайн чанарын даавуу гэвэл ноосон даавууг хэлнэ. Технологи хөгжөөд ноосон даавуу үрчийхгүй, чөлөөт өмсгөлтэй, чийг гадагшлуулдаг шинж чанартай болчихсон. 

Даавуун дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд одоо худалдан авагчид брэнд гэхээсээ илүү биедээ таарсан, өмсөхөд тухтай, эко хувцсыг сонгодог болоод байна.Ялангуяа Европт эко гэдэг ойлголт бүх зүйлийн дээгүүр тавигдаж байгаа.

зураг

Titem Men`s Collection

-Үйлдвэрийнх нь хувьд дан хослолоороо дагнадаг гэж ойлгосон. Дэлгүүрт нь хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа вэ? 

-Тийм ээ. Үйлдвэр бол ерөөсөө эрэгтэй костюм пиджак, пальто үйлдвэрлэж байгаа. Мөн спортоос өөр төрлийн хувцсыг Европын брэндүүдэд оёж өгдөг. Одоо бид Stella McCartney-д өмд, костюм оёж байна. Дэлгүүрт бол хослолоос гадна эрэгтэй хүнд хэрэгтэй цаг, зангиа, гутал зэрэг бүх юм бий.

Эрэгтэй хослол тухайн хүнд яг таарсан байвал төгс гэсэн үг

-Өөртөө тааруулж хослол оёулахын давуу тал юу вэ? 

-Эрэгтэй хослол тухайн хүнд яг таарсан байвал төгс гэсэн үг. Тэгэхээр өөртөө тааруулж, захиалгаар хийлгэх нь төгс таарна л гэсэн үг. Магадгүй төгс биетэй хүмүүс дэлгүүрээс таарсан хослолоо авч өмсөж болно л доо.

Тухайлбал, Hugo boss гэхэд 46-56 хүртэл гээд цөөн размераар хувцсаа хийдэг. Комфорт хэмжээгээр хийдэггүй. Яагаад гэвэл Hugo Boss хүнд таарах биш, хүн нь Hugo Boss-д таарч байх ёстой гэсэн философитой. Hugo Boss өмсөх бол чи гоё залуу байх ёстой /инээв/.

Манай захиалгын хослолууд тансаг зэрэглэлдээ орно. Loro Piana-гийн даавуу гэхэд л өөрөө л тансаг зэрэглэлдээ ордог.

"САЙН ЧАНАРЫН ДААВУУГААР ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ХОСЛОЛ ГАРГАЖ ӨГӨХ ГАЗАР "ТИТЭМ"-ЭЭС ӨӨР БАЙХГҮЙ"зураг

Titem Men`s Collection

-Таны хувьд одоо кампанийнхаа аль чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцож байгаа вэ?

-Өөрөө мэргэжлийн хүн болохоор мэргэжлийнхээ дагуу түлхүү ажиллаж яваа. Хүний нөөцийн асуудал бий. Европт нэг үеэ бодвол оёдолчин ховор болж байгаа. Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд дотоодын ажиллах хүч олоход хэцүү болж байна. Манай үйлдвэрийн ажилчид бүгд Унгар. Цаашдаа монгол ажилчид авах бодолтой байна.

-Танайд магадгүй зайнаас захиалгаа өгөх боломжтой болов уу? 

-Яг сүүлийн үед бид зайнаас саадгүй захиалга авах боломжтой болгох тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил энэ чиглэлд программын хөгжүүлэлт хийгдсэн л дээ. Одоо Будапештад "3D body scanner" тавигдаад, туршигдаж яваа. Энэхүү зайнаас хэмжээ авах ажил маань 2022 онд амжилттай туршигдсан. Би саяхан 2023 оны хоёрдугаар сард уг программынхаа танилцуулгыг түншүүддээ хийсэн.

Таньдаг монголчууд маань Улаанбаатарт салбараа нээгээч гэж их хэлдэг л дээ. Зайнаас хэмжээ авах асуудал үндсэндээ 95 хувьтай шийдэгдсэн гэж хэлж болно. Энэ нь бидний хувьд шинэ ноу хау. Магадгүй тун удахгүй Улаанбаатараас захиалга буюу биеийн хэмжээ авах боломж бүрдэх байх. Захиалга өгч байгаа авч байгаа хүмүүс нэг хэлээр ярих нь чухал байдаг тул зайнаас хэмжээ авах систем нэвтэрснээр ажил хөнгөн явагдана.

-Хослол нь ойролцоогоор ямар үнэтэй байдгийг сонирхож болох уу? 

-Нэг хослолыг 500-1,000 еврогийн хооронд хийдэг. Гэхдээ материалын үнээс шалтгаалаад өөр өөрөөр гарна. 

-Монголоос зорьж очдог үйлчлүүлэгчид олон байдаг уу. Бас нэг хослолыг гаргах хугацаа нь ямар байдаг вэ?

-Монголд "Титэм" брэндийн байнгын үйлчлүүлэгчид их болсон. Унгарт ирэхдээ хэмжээгээ өгөөд явчихдаг юм. Мөн манай эсгүүр компьютероор эсгэгддэг болохоор тухайн хүний дата нь системд хадгалаастай байдаг. 

Манайх гурван жил дараалаад хамгийн сайн хуримын хувцас үйлдвэрлэгч болж байсан

Ихэнх эрэгтэй костюм пиджакийн захиалгын газар 6-7 долоо хоног гэдэг. Харин манай нэг костюм пиджак долоо хоногийн дотор гардаг. Бидний хувьд бас гарах хугацааг нь богинохон байлгахыг зорьж байгаа. Дундаж хугацаа нь 14 хоног, яаралтай бол долоо, бүр яаралтай бол гурав хоногийн дотор гаргаж өгч чадна. Энэ бол хаана ч байхгүй давуу тал гэж боддог. 

Техникийн хүчээр хийж байгаа хэрэг шүү дээ. Манай эсгүүр болон оёдлын машинууд, индүүнүүд гээд бүгд автомат. Сайн чанарын даавуугаар чанарын өндөр түвшинд гурав хоногийн дотор хослол гаргаж өгөх газар "Титэм"-ээс өөр байхгүй. зураг

Titem Men`s Collection

-Шагналыг Унгарт хэрхэн тодорхойлдог бол?

-Европт шагнал урамшуулал гэх зүйл их байдаггүй юм. Манайх гурван жил дараалаад хамгийн сайн хуримын хувцас үйлдвэрлэгч болж байсан л даа. Мөн хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлсэн компани зэрэг урамшуулал авч байсан. Энд шагнал гэвэл мөнгө л яригддаг. Түүнээс биш одон медаль байдаггүй. Үйлдвэрийг нь ч, хувь хүнийг ч шагнадаг тийм үзэгдэл энд байхгүй.  

-Та ярилцлагын төгсгөлд монголчууддаа хандаж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Монгол хүн өөрөө маш их авьяастай. Энд бусад улсын хүнтэй харьцуулахад шууд л мэдрэгддэг юм. Манай залуус их мундаг боловсролтой, мэргэжилтэй болчихсон болохоор магадгүй Европт олон боломж бий байх. Хүн өөрөө хичээх л юм бол болно. 

-Монгол хүн Европын зах зээлд өөрийн гэсэн брэндээ амжилттай авч яваа түүх сонсох таатай, бас бахархалтай байлаа. Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 14 цаг 7 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 17 цаг 36 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 17 цаг 50 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 18 цаг 40 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 18 цаг 58 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 13 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top