УБТЗ-ын Баянбуурал амралтад баригдахаар төлөвлөгдсөн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 айлын ажилчдын сууцны барилгыг хэнд зориулан барих гэж байгаа вэ гэх асуудал зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар УБТЗ-ын Баянбуурал амралтын дарга Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрээр "УБТЗ бол ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч байдаг. Ялангуяа нийт ажилтнуудаа байр орон сууцаар хангахад онцгой анхаардаг. Тэр тусмаа хөдөө орон нутагт ажилладаг төмөр замчдад зориулж жил бүр УБТЗ өөрийн хөрөнгөөр 24-40 айлын орон сууцыг өртөө, зөрлөгүүдэд барьдаг. Энэ л ажлын хүрээнд Баянбуурал амралтын ажилчдын байр орон сууц хүрэлцээгүйг харгалзан УБТЗ 2022 оны их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Баянбуурал амралтад 16 айлын байрыг барихаар тусгасан. Ковид цар тахлын хүндрэлийн улмаас УБТЗ-ын тээврийн орлого буурч, санхүүгийн хувьд хүнд байсан хэдий ч замын захиргаа Баянбуурал амралтын ажилчдын байрны асуудлыг шийдэхэд анхаарч дээрх шийдвэрийг гаргасныг тэмдэглэн хэлэх нь зөв байх.
Ингээд 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Баянбуурал амралтын ажилчдын байрыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг тухайн ондоо 2 удаа зарласан ч төсөвт өртөг нь бага байсан учир тендер амжилтгүй болсон. Ковид цар тахлын улмаас барилгын материалын үнэ болон бусад зардал ямар их өсөж байгааг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Тийм ч учраас замын захиргаа энэ бүгдийг тооцож үзээд уг 16 айлын барилгын төсөвт өртгийг 1.6 тэрбум төгрөг болгон нэмж 2023 оны УБТЗ-ын их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулсан.
Зарим хэвлэлээр мушгин гуйвуулж бичээд байгаа нь ердөө ийм учиртай асуудал. Энэ ярьж бичээд байгаа ажилчдын байр баригдсанаар Баянбуурал амралтын ажилчид л байр орон сууцтай болно.
Энэ ташрамд хэлэхэд байр орон сууцны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байна. Энэ нь цаашлаад амралтын үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.
Баянбуурал амралт нь нийтдээ 70 гаруй ажилтантай 12 болон 24 айлын орон сууцтай. 2017 онд Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас манай 24 айлын орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн акт тогтоосон.
Манай амралтын ажилчдын эрх ашгийн эсрэг худал ташаа зүйл бичсэнд үнэхээр гомдолтой байна" гэлээ.