“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1,500 болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Тэгвэл энэ талаар Батлан хамгаалах яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Сайд Г.Сайханбаяр "Гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1,000 гаруй оюутан бүртгүүлсэн байна. Оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг цахим бүртгэлээс авч сонгон шалгаруулалт хийнэ.
Хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан бол Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах шийдвэрийн дагуу “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуусыг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна" гэлээ.