Нийслэлийн хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд явган зорчилтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд явган замыг өргөсгөх ажлаа эхлүүлсэн.
Мөн зам дагуух, шаардлагагүй авто зогсоолуудыг явган болон дугуйн зам болгон шинэчлэхээр нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж, сайжруулах зорилт тавьсан. Одоогоор 13 байршилд 17353 ам метр явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулаад байна. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулсан” гэв.
2023 онд уг ажлаа үргэлжлүүлэн, 20 байршилд явган болон дугуйн зам талбайг засаж сайжруулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зогсоолуудыг буулган нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж. Ингэснээр явган замаа өргөтгөж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой.
Мөн 3,4 дүгээр хорооллын Имартаас “Өргөө” кино театр хүртэлх явган замыг шинэчилж, явган зорчиход саад болж буй зогсоолуудыг зөв геометрт оруулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)