"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийн шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр яллагдагч О.Мөнхжингийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх бодитой нөхцөл шалтгаан тогтоогдсонгүй гэж үзэж, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Харин прокуророос яллагдагч Б.Гантигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өчигдөр хянан хэлэлцээд, яллагдагч Б.Гантигийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.