Улаанбаатарын авто замын түгжрэлтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс /2023.003.24/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гарсан шийдвэртэй холбоотойгоор авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулах болсон аж. Түүнчлэн буцаж эргэх хөдөлгөөнөөс үүдэлтэй түгжрэл нэмэгдэж байгаа учраас дараах зохицуулалтыг хийхээр болжээ.
Тодруулбал,
- Буцаж эргэх хөдөлгөөнөөс шалтгаалж түгжирдэг учраас Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлана.
- Механик Тээврийн Сургууль (МТС), Хараагүйчүүдийн төвийн замд буцаж эргэх нь их. Тиймээс энэ уулзвар дээр буцаж эргэх маршрутыг өөрчлөхөөр болсон байна. Гэхдээ зүүн эргэхийг хориглоогүй.
ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:
-Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн Цагдаагийн алба 24 цагийн турш хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Гэрэл дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа тоог долоо хоногийн дунджаар танилцуулъя.
Тухайлбал, МТС нь 867 буюу маш өндөр үзүүлэлттэй. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг уулзваруудаас машины массыг оруулж ирэхийн тулд энэ их таталтыг хийгээд байгаа юм.
Үүнээс шалтгаалж МТС баруун тал болох Говийн зам, 19-ийн ард талын замын уулзварын нэвтрүүлэх чадвар бага учраас түгжрэл саатал бий болдог. Улмаар уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа буруу зохицуулалт хийж байна гэдэг хар төрүүлдэг.
Буцаж эргэх хөдөлгөөн зохицуулалтыг яаж хийж болох вэ, буцаж эргэх зорилго юу юм бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Судалгаанаас харахад, урагшаа хөдөлгөөн шингээж явсаар Баруун дөрвөн зам, Өгөөж, Нарны гүүр, МТС руу 2,000 машин орж ирээд 882 машин урагшаа чигээрээ гардаг.
Бусад хөдөлгөөн нь зүүн буюу буцаж эргэж байгаа гэсэн үг. Үүнээс үүдэн хотын төвийн хөдөлгөөнийг гаргаж чадахгүй, уулзвар дээр хүлээлтийн хугацаа үүсэх асуудал гараад байгаа гэв.
МТС-ийн уулзвар дээр буцаж эргэх гарц, орцуудын гаралтын эзлэх хувь:
- Нарны гүүрнээс 1,402 автомашин/цаг гарч ирээд түүний 10 хувь нь тухайн уулзвар дээр буцаж эргэж байна
- Алтай хотхоноос 258 тээврийн хэрэгсэл буюу нийт гарч буй автомашины 55 хувийг буцаж эргэх үйлдэл эзлээд байгаа юм.
Буцаж эргэх үйлдэл нь хаашаа очиж байгаа талаарх судалгааг хийсэн. Үүнээс харахад Нарны гүүрнээс 20 хувь нь хотын төвөөс гараад уулзвар дээр буцаж эргэдэг. Бусад орц гарцаас 544 тээврийн хэрэгсэл буюу 80 орчим хувь нь буцаж эргээд байгаа юм.
Түүнчлэн Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ хүргэж өгөхийн тулд өглөө, оройн ачааллын үеэр буцаж эргэдэг. Буцаж эргэх үйлдэл нь бусад хөдөлгөөнийг огтлолцуулж, аюулгүй байдал хангахгүйгээс шалтгаалж маш их эрсдэл үүсээд байна.
Иймд Алтай хотхонд шинээр замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа. Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ сургуульд хүргэхийн тулд уулзварын голд буцаж эргэхгүй, нийтийн эрх ашгийг хөндөхгүйгээр зарим зохицуулалтыг хийж байна.
Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа. Ингэснээр сургууль руугаа хүүхдүүдээ аюулгүй хүргэж өгөх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөөд буй ганц гогцоо нь Алтай хотхон орчимд байна гэдгийг хараад судалгаанд суурилж зохицуулалт хийж байгаа гэв.