Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир "Нүүрсэн яндан нь автомашины моторын дотоод шаталтат хөдөлгүүрээс гарч буй бохирдлыг бууруулах, шүүх зориулалттай. Өөрөөр хэлбэл, яндан дотор байрладаг машины эд анги юм. Хэрэв машин нүүрсэн яндангүй бол хорт хий ялгарч, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үздэг.
Гаалийн байгууллагаас Замын-Үүдийн хилийн боомтоор гарах гэж байсан гурван чингэлэг дүүрэн нүүрсэн янданг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Хулгайн эх үүсвэрээс цугларсан нүүрсэн яндан байх вий гэдгээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа.
Хууль хяналтын байгууллагаас тухайн нүүрсэн янданг хянаж, нягталж үзэхэд хулгайн арга замаар цуглуулсан гэдэг нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн ААН-ийн гадаад худалдааны үйл ажиллагаанд саад учруулах үндэслэл байхгүй гэдэг прокурорын тогтоол гарсан. Тиймээс гурван чингэлэг нүүрсэн яндан экспортод гарсан.
Гэхдээ иргэд маань нэг зүйлийг ойлгох нь зүйтэй. Манай улсын хилээр Япон болон бусад улс орноос автомашины сэлбэг эд анги задаргаа маягаар орж ирдэг. Энэ дотор нүүрсэн яндан ч бий. Гэтэл улсын хилээр гарч байгаа нүүрсэн яндангийн тоо орж ирж байгаагаас их болоод эхэлбэл асуудалтай.
Тээврийн хэрэгслээс хууль бус аргаар авсан юм биш биз гэдэг эргэлзээ төрнө. Иймд түрүүн хэлсэн гурван чингэлэг нүүрсэн янданг шалгуулсан. Шалгалтаар хууль зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон байна.
Харин нүүрсэн янданг гаргахыг хориглох санал ирж байгаа. Үүнд гаалийн байгууллага адил байр суурьтай байгаа. Эцсийн шийдвэрийг Засгийн газар, УИХ-аас гаргадаг. Хэрэв хориглох шаардлагатай гэвэл тогтоол шийдвэр гарна. Үүнийг гаалийн байгууллага хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй" гэлээ.