Сонгодог урлаг болон театрын соёлыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн соён гэгээрэлд хөг нэмэх алсын хараатай "Сонгодог хөг мэдрэмж" ТББ-ын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Тус байгууллага Дуурийн театрт дуурь, балет үздэг байнгын үзэгчид хоорондоо танилцаж байгуулсан сонгодог урлаг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл бөгөөд одоогоор 7 гишүүнтэй.
"Сонгодог хөг мэдрэмж" ТББ-ын зорилтууд нь театрын үзэгчдийг бэлтгэх, сонгодог урлаг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх бөгөөд театрын урын санг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сонгодог урлагаар хичээллэхийг хүсдэг хүүхэд залууст туслах, сонгодог урлагийг бүтээн хөгжүүлэгч, дэмжигч байгууллагуудтай хамтын ажиллагаа бий болгох зорилготой.
Дэлхийн театрын өдрийг угтан зохион байгуулсан уг үйл ажиллагаа хийлийн дөрвөлийн яруу аялгуугаар эхэлж, Ж.Вердийн "Травиата" дууриар үргэлжилсэн юм. Нээлтэнд Сонгодог урлаг сонирхогч сошиал группийн гишүүд болон театрт Травиата дуурь үзэхээр ирсэн үзэгчид оролцлоо. Суут хөгжмийн зохиолчдын зураг бүхий амтат шоколад, улаан болон цагаан дарс, сонгодог хөгжимтэй энэхүү үдэшт ирсэн зочид эмгэнэлт төгсгөл, агуу хөгжмийн зохиолтой “Травиата” дуурийг үзсэн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. “Сонгодог хөг мэдрэмж” ТББ нь мөн сонгодог урлагийн талаар ярилцах “Мэдрэмж” подкастыг сонсогчдод хүргэж эхэлсэн бөгөөд эхний дугаарт “Травиата” дуурийн талаар ярилцсан билээ.