Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцлоо.
Тодруулбал, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүдтэй уулзсан юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: "Өнөөдөр бид Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Тэдэнд дэд бүтцийн буюу цэвэрлэх байгууламж, усны хангамжийн асуудал тулгамддаг. Үүнийг шийдэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгохын тулд арьс ширний үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх гарц бий.
Иймд арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхэд нийслэл анхаарч ажиллаж байна. Нэн тэргүүнд Эмээлт эко паркийн төслийг урагшлуулахад Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэмжлэг шаардлагатай. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал" гэлээ.
Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал болсныг албаныхан онцоллоо.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: "Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд арьс боловсруулдаг 30 гаруй, эцсийн бэлэн бүтээгдэхүүн буюу бээлий, савхин хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдаг. Мөн 700 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч манайд бүртгэлтэй. Бидний тооцоолж буйгаар, энэ салбарт 4000 орчим хүн ажилладаг, цаашдаа энэ тоо 20 мянгад хүрэх бүрэн боломж бий. Тулгамдаж буй асуудал гэвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч, бүтээмж сайжирна. Хамгийн гол нь хөрс, усны бохирдлоос сэргийлнэ. Эмээлт эко паркийн төсөл хэрэгжээд эхэлбэл бид нүүхэд бэлэн байна" гэсэн юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар: "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг нь сайжруулах ёстой.
Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг нийслэлийн зүгээс бүрэн хангасан. Аж үйлдвэрийн бүсээ хөгжүүлэх зорилгоор паркийн газар нутгийг баталгаажуулаад ТЭЗҮ-ийг гаргасан. Түүнээс гадна паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд паркийн хамгаалалтын бүс, бизнес инкубатор төвийн барилгын ажлыг 2023 оны төсөвт тусгаад ажлууд нь эхэлж байна. Одоо бидэнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ингэвэл төслийн ажил урагшилж, үүнийг дагаад энэ үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ" гэсэн юм.
Мөн уламжлалт мал аж ахуй эрхэлж, ашиг шимийг нь хүртэж ирсэн орны хувьд малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа.
Сэтгэгдэл (1)