Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ.
Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд "Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон. Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ноогдож буй. Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.
Нөөцийн хувьд 30 хувь нь үхэр, 65 хувь нь хонь, таван хувь нь ямааны мах. Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан" гэлээ.
Түүнчлэн махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтойг онцолсон юм.
Харин Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны “Саруул” супермаркетын худалдагч О.Мөнхцэцэг "Манай дэлгүүр энэ жил анх удаа нөөцийн мах борлуулж байна. Өнгөрсөн жилүүдэд худалдан авагч нар нөөцийн мах их асуудаг байсан. Өнөөдрийн байдлаар бид “Агро нэгтгэл трейд” ХХК-иас 100 кг үхрийн, 100 кг гаруй хонины мах аваад байна" гэсэн юм.
Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгийн ханштай байна.