"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Шүүхээс О.Мөнхжинд холбогдох хэргийн ээдрээ төвөгтэй байдал, урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хориог сунгажээ.
О.Мөнхжин "Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хөндлөнгөөс нөлөөлж, оргон зайлж магадгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорьж байна" хэмээн гомдол гаргасан ч шүүх хурал нь хойшлогдоод байгаа юм.