Зорчих эрхээ хязгаарлуулах "ял" эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гуравдугаар сарын 15-ны өдрийн 13:30 цагт товлогджээ.
Тодруулбал, иргэн Д.Монголхүүг ял эдлэх хугацаандаа зөрчил гаргасан гэж үзэж байж магадгүй байна. Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад, "Д.Монголхүүд зүүсэн электрон гавных нь цэнэг дууссан, мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн нь маршрут зөрчсөн гэж ШШГЕГ-аас үзсэн байж магадгүй байна" гэсэн юм.
Иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар "зорчих эрхийг хязгаарлах" ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байдаг.
Энэ талаар иргэн Д.Монголхүү "Би Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Энэ эрхээ эдлэх явцад зохиомол хэрэг үүсгэсэн. Тэр нь цагдаа нарыг зодсон гэх үндэслэлээр. Цагдаа нар өөрсдөө гомдол гаргаад, өөрсдөө гэрч болж байсан. Тухайн үеийн бичлэг байгаа. Би цагдаагийн биед халдаагүй, харин намайг бөөнөөрөө баривчилж авч явсан. Энэ бол цэвэр зохиомол хэрэг. Эрх баригчид эрх мэдэлтэй байгаа дээрээ иргэдийг шоглож байна. Миний ял ирэх арваннэгдүгээр сард дуусна. Намайг цагаатгана гэдэгт итгэлтэй байдаг. Би төрөөс өршөөл эрэхгүй. Учир нь гэм буруутай хүн гэм буруугаа хүлээгээд өршөөл эрдэг. Би гэм буруугүй" гэсэн юм.
Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.