Гурван настай хүү толгойдоо цус хуралттай, тархины цууралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай энэ сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдсэн. Хүү одоогоор гурван хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа ч ухаан ороогүй хэвээр байна.
Хохирогч хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан нь тогтоогдсон бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Учир нь гэмт этгээд болох Э-г хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд зугтсан ба хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан юм. Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.
Хохирогч хүүгийн аав "Би хөдөө ажилладаг. Хүүг маань гэмтээсэн талаар хадам ээжээс сонсоод шууд ирлээ. Хүүг минь зодсоныг ээж нь хоёр хоног нуусан нь үнэн. Ах нь зургаан настай. Өмнө нь хоёр хүүхдийг маань зоддог байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүгийн минь бие муу байгаа учраас нарийн, ширийн зүйлийн талаар одоо яриад яах вэ. Хүү маань ухаан ороогүй, аппараттай байна. Одоо хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна. Ах нь над дээр байгаа. Ээж нь тэр хүнтэй хамт хоригдчихсон байгаа” гэлээ.
Гэмт хэрэгтэнг яллагдагчаар татах хуулийн заалтад "хүчиндэх" зүйл анги байгаа юм. Хэдийгээр хүүг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтооно гэж байгаа ч гэмт этгээдийг дараах зүйл ангиар яллагдагчаар татаад байна. Тодруулбал,
- 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
- 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
- 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Өчигдөр хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" гэсэн юм.