Чингис хаан Үндэсний музей нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны төвтэй хамтран 2019-2022 онд Завхан аймгийн Тэс сумын нутаг дахь Сүм толгойн дурсгалт газраас илэрсэн үйсэн суурьтай судар бичгийн олдворыг сэргээн засварлах, нөхөх, дэлгэх, бэхжүүлэх, баримтжуулах, шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэсэн билээ.
Уг ажлын хүрээнд музейн Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн гурван албан хаагч БНСУ-д үйс сэргээн засварлах, нөхөх, дэлгэх, бэхжүүлэх, насжилтыг тодорхойлох, бичигт ашиглагдсан бэхний орц найрлагыг тодорхойлох, хадгалан хамгаалах арга техникт суралцах нэг сарын тусгай сургалтад хамрагдаж, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгээс олгодог сертификатыг гардан авсан юм.
Энэ нь Чингис хаан Үндэсний музейн зүгээс ажилтан, албан хаагчдаа мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр чадавхжуулах зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм.