Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нийгмийн цочроосон харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, гурав болон зургаан настай хүүхдүүд хойд эцэгтээ байнга зодуулдаг байсан нь ил болж, гурван настай хүү толгойдоо цус хуралттай, тархины цууралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн юм. Одоогоор хүү гурван хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа ч ухаан ороогүй хэвээр байна. Тухайн хүүхдийг төрсөн ээж нь гэмтэл аваад хоёр хонож байхад хүүхдээ эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөгүй нөхцөл байдал өнөөдөр тогтоогдсон байна.
Мөн өнөөдөр цагдаагийн байгууллагын мэдээлснээр хохирогч хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй болоод байгаа юм. Учир нь гэмт этгээд болох Э-г хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд, зугтсан үед нь хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан ба тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.
Хэрэгтэнг яллагдагчаар татах хуулийн заалтад "хүчиндэх" зүйл анги байгаа юм. Хэдийгээр хүүг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтооно гэж байгаа ч гэмт этгээдийг дараах зүйл ангиар яллагдагчаар татаад байна. Тодруулбал,
- 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
- 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
- 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Өчигдөр хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" гэсэн билээ.
Тэгвэл хүүгийн төрсөн эцгийн хувьд уурхайд ажилладаг бөгөөд ээлж буусан үедээ хүүхдүүдээ өөр дээрээ авдаг байжээ.
Хойд эцэгтээ зодуулсан хохирогч хүүгийн аав хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Тэрээр "Хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэмт этгээдийг танихгүй. Зургаан настай хүү маань аюулгүй газар байгаа. Хүүгийн ээжтэй уулзаагүй. Одоо хүүхдээ би өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Бидэнд яг одоо маш хүнд байгаа учраас олон зүйл яримааргүй байна" гэлээ.