Цагдаагийн байгууллагаас гурван настай хүү зодуулж, хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хэргийн талаар мэдээлэл өглөө.
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Шалгалтын явцад түүний ээж Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хүүг төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдан хорих арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг томилон ажиллуулж байна.
Яллагдагч Э нь өмнө нь эрүүгийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Одоо дээрх хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байна" гэв.
Мөн тэрээр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад зургаа, гурван настай хүүхдийг яллагдагч Э гэртээ харж байхдаа зодсон талаар мэдүүлсэн байна. Хохирогч хүүгийн ах болох зургаан настай хүү одоогоор эмээ, өвөөгийнхөө гэрт буюу хууль ёсны асран хамгаалагчийн хамгаалалтад, аюулгүй байгаа" гэв.
Мөн хохирогч хүүгийн ээж Л нь энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Гурван настай хүүг гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө зодсон ба энэ хугацаанд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байж байгаад 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн байжээ.
Одоогоор хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, биед шинжээч эмч үзлэг хийхэд мөр дээрээ 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал, тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай болохыг мэдээлээд байна. Шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа прокурорын зөвшөөрлөөр дахин мэдээлэл өгнө гэлээ.
Сэтгэгдэл (1)