Нийслэлийн прокуророос иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн байдаг.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд нэг жилийн хугацаагаар "зорчих эрхийг хязгаарлах" ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл иргэн Д.Монголхүүг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маршрут зөрчсөн гэж үзэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гуравдугаар сарын 15-ны өдрийн 13:30 цагт шүүх хурал товлогдсон байна.
Тодруулбал, түүнийг энэ хугацаанд зөрчил гаргасан гэж үзэж байж магадгүй байгаа аж. Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад, "Д.Монголхүүд зүүсэн электрон гавных нь цэнэг дууссан, мөн тэрээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн нь маршрут зөрчсөн гэж ШШГЕГ-аас үзсэн байж магадгүй байна" гэсэн юм.