Прокурорын газраас иргэн Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдааныг энэ сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Ийн товлосон хугацааны дагуу өнөөдөр шүүх хурал болж байна.
Шүүх хуралдааны үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Аавтайгаа уулзах боломжоор хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цагдан хорих арга хэмжээг өөрчилж, батлах даалтад гаргаж өгнө үү" хэмээн хүслээ.
Түүний аав хүнд хагалгаанд орсон бөгөөд хүүтэйгээ уулзахаар шүүхийн гадаа ирсэн байгааг ч мөн хэлсэн юм.
Шүүгчид шийдвэрээ гаргахаар шүүх хурал түр завсарлалаа.
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзэн шүүж байгаа юм.