Өчигдөр БГД-ийн 10-р хороонд ээж болон хойд эцгийн хамт амьдардаг гурван настай хүү толгойдоо цус хуралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгджээ.
Хохирогч хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч, гэмт этгээд Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд шууд зугтаасан байна.
Сэжигтэн Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай хүүг зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг ЦЕГ-аас өглөө.
Мөн хүүгийн ээжийг хүчирхийллийн хэргийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Хүү гуравдугаар сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн. Хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. Тухайн хүүхэд хүзүү, сээр нурууны гуравдугаар үеийн гэмтэлтэй, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүү хоёр дахь өдөртөө эмчлэгдэж байна. Өнөөдөр нэмж хүүгийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан. Шаардлагатай эмчилгээ, оношлогоог шуурхай хийж байна.
Эмч хүн, иргэн хүн, эмэгтэй хүнийхээ хувьд хэлэхэд, бага насны хүүхэд зодуулах, гэмтэх, өндрөөс унаж гэмтэх тохиолдлууд ихсэж байна. Ард иргэдийг хөршийн холбоогоо сайжруулаасай гэж хүсч байна" гэлээ.