Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Элчин сайд Цай Вэньруйг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ши Жэ, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар оролцож, тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Элчин сайд Цай Вэньруй АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг онцлон, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-ын авлигатай тэмцсэн туршлага, үр дүнг онцлон дурдаж, тус улсын ижил чиг үүрэг бүхий холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчныг хамгаалах, харилцан туршлага судлах, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй зарим хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа авах чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцов.
Авлигатай тэмцэх газар нь БНХАУ-ын Ардын Ерөнхий Прокурорын газартай 2014 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Цай Вэньруй Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, ижил чиг үүрэг бүх байгууллагуудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэн ажиллахаар тохиролцов гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.