"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд явагдах гэж байна.
Хөтөлбөрийн талаар Хурандаа Г.Мягмаржав "Оюутан цэргийн алба хааснаар Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах дүрэмт үүргээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хааж байна гэсэн үг. Оюутнууд амралтын өдрүүдэд онолын сургалтаа үзээд явна.
Үүнээс гадна хээрийн сургалт өглөөний 06:00-14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус сургалтаар 11 төрлийн цэргийн бага мэргэжил эзэмшүүлэх юм. Сургалтыг вакумжуулсан хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд оюутнууд интернэтэд холбогдохгүй, телевиз үзэхгүй.
Ингэж суралцах нь хэд хэдэн онцлогтой.
-
Нэгдүгээрт, оюутан цэргийн алба хаасан хүүхдүүд сургалтад ахиц гаргаж байна.
-
Хоёрдугаарт, их, дээд сургуульд суралцангаа цэргийн алба хаах боломжтой.
-
Гуравдугаарт, ёс суртахууны төлөвшилтэй болж байгаа.
-
Дөрөвдүгээрт, оюутан цэргийн алба хааснаар илүү хамт олонч болж байгаа юм.
Хамт олноор нь сургаж байгаагаараа ач холбогдолтой. Тэнд нэгдсэн журмаар сайн анги, тасаг шалгаруулахаас биш "энэ сайн буудагч" гэж хувь хүнийг үнэлэх асуудал байхгүй. Түүнчлэн оюутан цэргийн алба хааснаараа төрийн албанд орох эрх нээгдэж байгаа юм" гэлээ.
Мөн оюутан цэрэг сургалт нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна.
Үүнд, буудагч, цэргийн ариун цэврийн байцаагч, пулемётчин, артиллерийн тооцоочин, артиллерийн хол хэмжигч, химичин-тагнуулчин, сапер инженерийн бага мэргэжилтэн гэх мэт мэргэжил эзэмшүүлнэ.
Тухайн оюутан нэгдүгээр дамжаандаа ямар мэргэжлээр суралцаж байгаагаас шалтгаалан дээрх цэргийн мэргэжлийг эзэмшүүлэх юм. Оюутан цэргүүдэд сурч байгаа мэргэжил дээр нь тулгуурлаж цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлдэг.
Жишээлбэл, тооны ангид суралцаж байгаа оюутнуудад их бууны тооцоочин мэргэжлээр, Анагаахын дээдэд сурч байгаа бол ариун цэврийн байцаагч гэх мэтчилэн тухайн мэргэжилд нь тохирсон мэргэжлийг давхар эзэмшүүлж буйгаар онцлогтой юм.