Хотын ерөнхий менежер гадаа талбайн зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам болон хаврын цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өглөө.
УБЗАА-наас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар явуулж буй. Уг журмын хэрэгжилтийг хангахад төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 ширхэг гадна зар сурталчилгааны байгууламж хамаарах юм.
Тодруулбал, нийтийн болон хувийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны самбарт зөвшөөрөл олголтыг хянах, зөвшөөрөлгүй байрлуулсан, гэрээ байгуулаагүй, сунгаагүй самбаруудын судалгааг дүүрэг бүрээр гаргаж, зөрчил арилгах арга хэмжээг авч байна.
Хотын ерөнхий менежер М.Баяраа "Замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хаасан, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулж буй гадна зар сурталчилгааны самбаруудын судалгааг гаргаж байгаа. Түүнчлэн Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлуулсан MNS 5283:2022 стандартыг нэвтрүүлж, хаяг, хаягийн байгууламжийн жишиг гудамжуудыг бий болгохоор төлөвлөж байна" гэв.
Дугуйн зам ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй тулгуурт байгууламж 130, мэдээллийн 700 орчим байгууламж байна. Хаяг, хаягийн байгууламжид дүүргийн ЗДТГ нь хяналт тавьдаг. Хаягийг стандартын дагуу зөв байршуулах, монгол үсгээр бичих зэрэг асуудалд бид анхаарч, цаашид хотын стандартын худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагыг хэрэгжүүлэн ажиллуулна” гэлээ.