Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдрөөс эхлэн Хаврын их цэвэрлэгээний аяныг эхлүүлж байгаа талаар мэдээллээ.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хаврын их цэвэрлэгээний аяныг нэг сарын хугацаатайгаар зохион байгуулахаар боллоо. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 14-нд болно" гэлээ.
Харин Хотын ерөнхий менежер М.Баяраа "Энэхүү сарын аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд бөөгнөрсөн хогийг цэвэрлэх, айл өрх, ААН-ийн эзэмшлийн хашаанд хуримтлагдсан хог хаягдлыг ачих, гэрлийн шон, хайсыг угаах, шон дээр наасан зарлал, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэх, байгууллагуудын хаягийг сэргээх, өнгийг сэргээх, хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлууд хийгдэнэ.
Цэвэрлэгээ нийслэлийн 9 дүүрэгт 42 хоног үргэлжилнэ. Энэ долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудыг дотор, гаднагүй угааж цэвэрлэнэ.
Мөн их дээд болон ЕБС, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэнэ.
Нийтийн байгууламжуудыг эвдэж сүйтгэх, ил задгай бие засах, хогоо хаях үзэгдэл хэвийн болсон тул иргэдийг соён гэгээрүүлэх ажлууд хийгдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (1)