Хотын ерөнхий менежер М.Баяраа шар усны үер, халиа тошингийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Халиа тошингийн эрсдэлтэй газар зөвшөөрөл олгосон. Ийм газар дээр иргэд хөдөө орон нутаг болон бусад байршлаас нүүж ирээд хашаагаа барьчихдаг. Шаардлага тавихаар нүүдэггүй. Өөр газар олгоод нүүлгэхээр хэсэг байж байгаад зараад, хаяад буцаад ирдэг тохиолдол их байна. Иргэдэд өөрсдийн өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ хамгаалах ухамсартай холбоотой асуудал бий.
Бидний зүгээс халиа тошин үүсэж буй цэгүүд дээр эрсдэл байгаа тухай мэдээллийг тавина. Зуны дэлгэр цагт ногоон ширгэ үүссэн үед хашаагаа барьчхаад өвөл халиа тошин үүсэнгүүт зарчихдаг. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ өсөөд байдаг ч хохирлын хэмжээ улам ихсээд байдаг.
Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил буюу 26 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга, 17, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэгт Амгалан цахилгаан станцын ойролцоо халиа тошин үүссэн байгаа.
Эдгээр газарт шороон далан босгох, сэлбэг тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авсан. Усны газраас халиа тошинг нүхэлдэг машин өгсөн учир урсгалыг бий болгож байна. Зарим газрын эрхийг цуцлах асуудлыг Газрын албатай ярилцана" гэлээ.