МУИС, МҮИС хоёр сургуулийн бараа тэмдэгтийн буюу нэрний асуудал 2020 оны намраас эхэлсэн билээ. Тэгвэл, хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн талаар Монгол Улсын Их Сургуулиас тодруулахад "Уг асуудалтай холбоотой бүх зүйл дууссан. Монголын Үндэсний Их сургууль гэх нэрийн МҮИС хэрэглэж болохоо больсон гэсэн үг. National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил манай сургуулийн оюуны өмчөөр баталгаажсан юм. Тэгэхээр Монголын Үндэсний Их Сургууль нэрээ солино. Монгол Улсын Их Сургууль МУИС гэх нэрээрээ үлдэнэ. Улсын Дээд Шүүх хэлэлцэхээс татгалзсан учир давж заалдах дараачийн шатны шүүх байхгүй. Маргаан бүрэн шийдвэрлэгдсэн" гэв.