“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” гуравдугаар сарын 3-нд буюу маргааш Төрийн ордонд болно.
Зөвлөгөөн нь ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой аж.
-
“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,
-
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,
-
“Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,
-
“Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”, “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,
-
“Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,
-
“Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсоно.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулна.
Мөн “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн МҮХАҮТ-д болно. Үзэсгэлэнд 100 орчим үндэсний үйлдвэрлэгч, 50 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлж байгаа.
Тухайлбал, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу:
-
Үр тариа
-
Төмс, хүнсний ногоо, түүний үр
-
Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац
-
Тэжээлийн ургамал
-
Модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлжээ.
НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухайд:
-
Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил
-
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
-
Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг чөлөөлөөд байна.
-
Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.
Харин гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байгаа билээ.