Музейн нээлттэй өдрүүд орон даяар үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.
Мөн өнөөдрөөс Чингис хаан музейг бүх иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулсан. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар тус музейн үүдэнд иргэдийн урт дараалал үүссэн байна.
Чингис хаан музей 2022 оны аравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд музей үзэх тасалбарын үнэ 30 мянган төгрөг байдаг. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.
Тус музейг энгийн өдрүүдэд өдөрт дунджаар 1000 хүн зорин ирж үздэг ажээ.